Sunday, January 30, 2011

Нэгэн Монгол: Нармай Монгол Үзэл ба Даяарчилал

Миний бие даяарчилалын эсрэг, Монголын Үндэстний Үзлийг дэмжигч нэгэн билээ. Өнөөдрийн ороо бусгаа цаг үед нийт монголчууд дэлхий дахь байр сууриа олон янзаар алдаж байгааг анхааруулан, надтай ойролцоо сэдвээр ярих хүмүүс олон байх юу магад. Гэтэл тэд нарын сэдвийг дэмжин сонирхохоос гадна, өөрийнхөө сэдвүүдийг бас толилуулмаар байна.

Миний Нармай Монгол үзэл нь "Монголчууд гэж хэн бэ?" гэдэг асуултанд хариулахын төлөө илрэх үнэнгээс гаралтай. Харамсалтайгаар, энэ асуултыг тулгаавал ихэнхи Монгол Улсын иргэдийн санаанд түрүүлж буух дүрс бол магадгүй өнөөгийн Монгол Улсын
улс төрийн газрын зураг дээрхи дүрс мөн. Харин өвөр монголчуудын санаанд бараг гэр бүл, танил талаас эхлээд ар монголын поп рок дуучдын дүрс харагдах буюу. Бурияд болон Халимаг Монголчуудын санаан дахь дүрс бараг Өвөр Монголынхтой ойролцоо л байдаг. 

Гэтэл эдгээр ард түмнээс яагаад ийм олон "улсад" монголчууд амьдарч байгааг асуу. Тэгээд сүүлийн 100 жилд тэд ямар бэрхшээл туулсаныг асуу. Магадгүй олон уран сайхны кино хийх үлгэрийн материал гараад ирнэ. Тэгээд тэднээс ч, өөрөөсөө ч
яагаад ийм бэрхшээлүүд учирсныг асуу. Нэгдсэн хариулт бол улс болгонд монголчууд харийн дарангуйлалд орсноос бүх монгол ард түмэн, сүүлийн 100-аад жилийн бэрхшээлийг үзсэн явдал юм. Улмаар яагаад монголчууд харийн дарангуйлалд орсныг ухаж асууваас эцэстээ яахын аргагүй илрэх хариулт бол Нармай Монгол үзлийн дутагдал мөн юм. Энэ тухай би нийтлэл бичих болно.

Би Нармай Монгол Үндэстний үзэлтэйн улмаас Даяарчилалын эсрэг юм. Энэ хоёр үзлийг эрүүл саруул хүн нэгэн зэрэг хүлээн зөвшөөрч чадахгүй. Даяарчилал бол угтаа орчин цагийн барууны соёлыг дэлхийд тулган зөвшөөрүүлэх гэсэн утгатай. Энэ үзэл нь "соёл иргэншил" гэдэг үгийг зөвхөн аж үйлдвэржсэн барууны соёлоор тодорхойлох үзэл санаа мөн. Даяарчилалыг дэмжсэн хүн Үндэстний Үзлийг дэлхийн энх тайванд аюултай гэж үздэг.


Гэтэл даяарчлалын эрч хүч өнөөдөр улам чангарсаар, залуу үеийн монголчуудын сэтгэл санааг байлдан дагуулсаар байна. Босоо Монгол бичгийг орчин үед зохихгүй гэж маргах хүмүүсээс эхлээд Англи хэл сурахгүй бол "соёлгүй" болно гэж бодох хүмүүс хүртэл бүгд барууны даяарчилалыг дэмжиж байна. Социалисм, ардчилал, либертаризм гэх зэрэг элдвийн төрийн тогтолцооноос авхуулаад төрөл бүрийн Христийн шашныг ертөнцийн үнэн гэж бодож яваа монголчууд бүгд л даяарчлалд автагдсан нь үнэн юм. Үзэл санааны даяарчилал нь Монголчуудыг нийгмийн асуудлын тухай эргэцүүлэхдээ юуны өмнө дэлхийн энх тайван, барууны улс төрийн онол дахь спектрум, гадаад шашингийн номлол хэмээх бодол санааны суурин дээр тогтоох болгосон юм.


Нармай Монгол үзэлтэн нь даяарчилсан үзэл суртахуунаас салангид дэлхий нийгмийн асуудлыг эргэцүүлж бодоход хамгийн түрүүнд "Энэ нь монголчуудад ямар нөлөөтэй бэ?" гэж бодно. Нармай Монгол үзэлтэн нь мэдээж гадаадын боловсруулсан нийгмийн шинжлэх ухааны ололтуудыг ашиглах эрхтэй. Гэтэл жич төрийн тогтолцоо, эдийн засгийн бүрэлдэхүүн, шашин шүтлэг хэмээх нь хоёрдогч, гуравдагч шатны асуудлууд болох ёстой. Анхан шатны бодлого бол зөвхөн "Монголчуудад ашигтай юу?" хэмээх асуудалд хариулах нь юм.


Эдгээр зүйлсийн тухай бодол санаагаа бичье. Уншигч та бүхэн надад санал бодлоо чөлөөтэй хуваалцана уу.

2011 оны 1 сарын 30.

"Жаргалмаа"

2 comments:

  1. Уг нь та криллээр биччихвэл гоё харагдана даа. Зөв л юм яриад байх шиг байна хэхэ

    ReplyDelete
  2. саяхан л кирилл үсэгнүүдийг компьютер дээрээ цааснаас хайчлаад наалаа. Хүмүүсийн сонорт амархан хүргэхийн тулд кириллээр бичиж эхлье дээ. Удалгүй Монгол бичигээр бас нэг эвтэйхэн аргаар блогоо гаргана аа...

    ReplyDelete